Бууцагаан сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдлоо

Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар ээлжийн 60 км замын хөдөлгөөний нээлт Бууцагаан суманд боллоо.

Баруун таван аймгийг автозамаар холбох ажил 10 гаруй жил гацсан байдаг ч 2017 оноос Монгол Улсын Засгийн газраас Баянхонгор аймгаас Говь-Алтай чиглэлрүү хатуу хучилттай зам тавих ажлыг явуулж эхлүүлсэн. Өнгөрсөн жилийн яг өдийд Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр чиглэлд тавигдсан 129,4 км автозамын нээлт Бөмбөгөр суманд болж байсан бол жилийн дараа буюу 2020 оны 06-р сарын 14-ний өдөр Байдрагийн гүүрнээс Бууцагаан хүртэлх 60 км автозамын нээлт Бууцагаан суманд болж хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ш.Раднаасэд, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Макс группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг нарын тус сумын иргэд олон нийтийн төлөөлөл, ХДТ-ын уран бүтээлчид болон их бүтээн байгуулалтын эзэд болсон замчид оролцлоо.

Баруун таван аймгийн иргэд болон тийшээ зорчигчдын олон жилийн хүсэл хүлээлт болсон уг замыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж буй Макс групп монголын замчид ямар чадвартай, яаж бүтээж хийж чаддаг гэдгээ нотолсон сайхан бүтээн байгуулалт болж байна.

Баруун аймгуудыг холбосон уг замаар хагас сая гаруй зорчигч зорчдог бөгөөд хатуу хучилттай болсоноор цаг хугацаа, бензин шатахуунаа хэмнэж машин тэрэгний эвдрэл гэмтэл буурах зэргээр зорчигчдод олон давуу талыг өгч эхлээд байнаа. Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн 126,7 км автозамын 83,7 км нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тавигдаж байна.

126,7 км автозамыг Макс рөүд групп 2019 оны намраас хийж эхэлсэн бөгөөд өвөл өнжөөд энэ хавраас ажлаа эрчимтэй явуулж байна. Энэ хугацаанд тус замын ажилд 300 гаруй техник, 400 гаруй замчид, 15 үйлдвэр оролцож үйл ажиллагааг жигд хурдтай явуулж байна.

Баянхонгор аймгийн төвөөс Бууцагаан сум ортол 185 км байдаг. Замыг нийт 4 цаг гаруй явж байж туулдаг байсан бол хатуу хучилттай зам тавигдсанаар өдгөө 2 цаг л явдаг болжээ. Ийм боломжийг Баянхонгорчуудад баруун аймгийн иргэдэд бий болгож өгсөн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн М.Билэгт нарт талархал илэрхийлье.

Ийнхүү Монгол улсын Засгийн газраас энэ дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт болох баруун аймгуудыг холбосон хөгжилд дуудсан хатуу хуучилттай авто зам энэ оны 09-р сард Говь-Алтай аймагтай бүрэн холбогдсоноор дуусах болно.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Засаг  даргын Тамгын газар 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0