Ухдаг баялагаас илүү ургадаг баялагийг чухалчилна

Энэ өдрүүдэд Баянхонгорчууд малчид, төлчдийн зөвлөгөөнийг хөдөө сумдад хийж байна. Энэ сарын 10-нд Бөмбөгөр сум малчид, төлчдийн зөвлөгөөнөө хийлээ.

 

Тус зөвлөгөөнд Бөмбөгөр сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, аймгийн ХХААГ-ын Мал үржлийн хэлтсийн дарга С.Батаа, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Мөнхтогтох, сумын удирдлагууд, малчид оролцлоо. Тэд 2016 оны ажил, МАА-н болон газар тариалангийн өнөөгийн байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ, ирэх онуудад аймаг, орон нутгаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй малчид, тариаланчдад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг танилцуулж, харилцан хэлэлцсэн юм.

Баянхонгор аймгийн нийт бараа бүтээгдэхүүний 53 хувийг малын гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Харин эдийн засгийн голлох салбар болсон мал аж ахуйн салбарт нийт ажиллагсадын 63 хувь нь ажиллаж байна. Өнгрөсөн онд мал аж ахуйгаас 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон тухай мэдээлэл байгаа юм. Нөгөө талаар Баянхонгор аймаг улсдаа хамгийн олон малтай таван аймгийн нэг болсон. Өнгөрсөн онд гэхэд 1,2 сая төл бойжуулжээ. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаж, малчдын шинэ төл хүлээж авах хувийн бэлтгэл бүрэн хангагджээ.

Бөмбөгөр сум 2016 оны жилийн эцсээр  255,757  толгой  мал тоолуулжээ. Үүнээс тэмээ   255, Адуу 10008, Үхэр 5726, Хонь  65247, Ямаа 174521 тус тус тоолуулсан байна. Эднийх бөмбөгөрийн улаан ямааг өнгөрөгч 2016 онд омог болгон албан ёсоор батлуулсан байдаг. Тиймээс цаашид улаан ямааны цөм сүргийн бүтцийг хадгалж, хамгаалах, энэ чиглэлийн омгоор ямаан сүргийнхээ чанарыг сайжруулахад анхаарч байна.

 

Баянхонгор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт малчдыг дэмжсэн гурван ч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг болох төрийн торгон сүрэг хөтөлбөрийн хүрээнд нутгийн шилмэл омог болсон улаан ямааг ч бүс нутгийн онцлогт тохируулан аймагтаа өсгөх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0