Баянбулаг сум шинэ эмнэлэгтэй боллоо

   Баянхонгор аймгийн Баянбулаг суманд АУ-ны доктор Б. Жамбалжамцын нэрэмжит эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орлоо.

    Баянбулаг сумын эмнэлэг 1932 онд байгуулагдаж байсан. Одоо тус эмнэлэг 2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч бусад жолооч асрагч гэсэн 25 хүний бүтэцтэйгээр ард иргэдийн эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.

   Тус эмнэлгийн өмнөх барилга буудлын зориулалтаар баригдсан, дээврийн засварт хэд хэдэн удаа орсон ч бороо чийгэнд идэгдэж барилгын чанар муудаж өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн ажилчид ажил хэвийн явуулах боломжгүй болоод байжээ. Энэ мэт байдлаас болж 2015 оны өвлөөс тус эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн ба гүйцэтгэгч “Хорол Багана” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 250 сая төгрөгний өртөгтэйгээр барьж гүйцэтгэжээ.

   Эмнэлгийг ашиглалтад авах нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхбат, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ЭМГ-ын дарга В.Нарантуяа болон сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид оролцлоо

   Тус эрүүл мэндийн төвийн шинэ барилга нь 27 өрөөтэй, өвчтөн авч хэвтүүлэх 10 ортойгоор тус сумын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ.

   Дашрамд хэлэхэд АУ-ны доктор Б.Жамбалжамц нь MCS группын Ж.Оджаргал, Ж.Од нарын аав бөгөөд Б.Жамбалцамц эмч адуу морь унахдаа гаргууд сайн, хаа газрын дуудлаганд мориор л явчихдаг байжээ. Үр хүүхэд нь аавынхаа нэрэмжит шинэ эмнэлгийн ор бусад зүйлсийг шинэчилэн өгч, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүсэлтийг нь хүлээж авчээ.

    Өнгөрсөн өвөл тус эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэх шинэ автомашинтай болсон ба ийнхүү шинэ эмнэлэг шинэ унаатайгаар үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0