Элэг бүтэн Баянхонгор хөтөлбөрийн арга хэмжээ өргөн дэлгэр болов

      Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Элэг бүтэн монгол өдөрлөг  Баянхонгор аймагт болж байна. Энэхүү өдөрлөгт Баянхонгор аймгийн унаган хүү, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Улсын нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын төвийн нарийн мэргэжлийн эмч нарын багийн үзлэг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр төв талбайд бүтэн өдрийн турш хийгдэж олон арван иргэд хамрагдсан байна.

       Өдөрлөгийн нээлт төв талбайд боллоо. Тус өдөрлөгийн нээлтэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат, Анагаах ухааны үндэсний их сургуулийн эдийн засаг санхүүгийн дэд захирал хонгор нутгийн унаган хүү Э.Содномжамц, аймгийн удирдлагууд болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, зарим сумдын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, Баянхонгор сумын удирдлагууд,Өвчтөн нийгэмлэгийн төлөөлийн зөвлөл төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхтүвшин нар болон иргэдийн төлөөллүүд өргөнөөр оролцлоо. Энэхүү өдөрлөгийг аймгийн засаг дарга Г.Батжаргал нээж үг хэлсэн юм.

       Тэрээр хэлсэн үгэндээ Баянхонгор аймаг 2020 он гэхэд элэгний В С вирүсгүй аймаг болох зорилтыг тавин хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ихээхэн хөрөнгө оруулалтуудыг хийж ирсний нэг нь өнөөдөр хуралдаж байгаа аймгийн ИТХ-аар Дурангийн хагалгааны багаж тоног төхөөрөмж худалдан авах 250 сая төгрөгийг төсөвтөө суулгасныг онцоллоо.

    Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэлсэн үгэндээ Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд Элэг бүтэн Баянхонгор хөтөлбөрийг санаачлан энэ хүрээнд багагүй ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлснээ тодосгон тэмдэглэж Элэг бүтэн Баянхонгор хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг аймгийн удирдлагууд, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар ихээхэн дэмжиж санаачилгатай ажиллаж байгааг онцолсон юм.Мөн энэ үеэр Жинст, Баянлиг, Баянговь, Шаргалжуут Эрдэнэцогт, Баянбулаг,Гурванбулаг,Хүрээмарал зэрэг 11 сумын болон нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн машины түлхүүрийг гардуулж амжилт хүслээ.

    Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан олон эмч,ажилтнууд засгийн газрын шагнал ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүд тойргийнхоо олон сумдын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг гардуулсан юм.

     Ийнхүү Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн өдөрлөг амжилттай өндөрлөж иргэдийн сэтгэлд хүрсэн эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт ирж үзүүлсэн ЭМЯ-ны ажлын багийнхан болон УИХ-ын гишүүдэдээ Хонгор нутгийн иргэд сэтгэл дүүрэн байлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0