440 хүүхдийн номын өргөөний барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо

      1962 онд эсгий гэрт байгуулагдаж байсан Баянхонгор аймгийн ууган сургуулиудын нэг Номгон ахлах сургууль өдгөө 2500 гаруй хүүхэдтэй, 150 гаруй багш ажилчидтай. Байгуулагдсан цагаас ерөнхий эрдмийн боловсролыг хонгор нутгийн хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсээ нэн хариуцлагатайгаар явуулж ирсэн тус хамт олон өнөөдөр буюу зуны тэргүүн сарын шинийн есний билэгт сайн өдөр сургуулийн өргөтгөл буюу 440 хүүхдийн номын өргөөнийхөө барилгын шавыг тавилаа.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, тус сургуулийг удирдаж байсан үе үеийн удирдлага болон багш хамт олон, барилгыг барьж гүйцэтгэх Б.Дагвабазар захиралтай “Эх бүрдэн” ХХК-ний ажилчид оролцлоо.

          Номгон сургуулийн хувьд 2500 гаруй сурагчтай. Хичээлийн нэгдүгээр байранд хүүхдүүд багтах боломжгүй тул хичээл сургалтын үйл ажиллагааг хоёр хувааж явуулдаг. Одоо бага сургууль хичээллэж байгаа байрны хувьд хичээлийн зориулалтын байр биш, зай талбай давчуу, үдийн цай, хоол өгөхөд зориулалтын гал тогоогүй зэргээр нэн хүндрэлтэй асуудлууд олноор тулгараад байсан юм. Тиймээс сургуулиа өргөтгөх талаар сургуулийн удирдлага хамт олон 2017 оноос санал хүсэлтээ уламжилж аймгийн удирдлагууд ч дэмжин улмаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир зардлыг улсын төсөвт суулгаж өгсөн байна.

     Номгон сургуулийн урд талбайд баригдах ба 3 давхар барилга бөгөөд спорт, урлагийн заал зэргээр хүүхдийн сурах орчин нөхцлийг цөм утгаараа зураг төсөвт тусгаж өгчээ. ингэснээр тус сургууль хичээл сургалтын үйл ажиллагаагаа хоёр салж биш нэг доор явуулах, улмаар хүүхэд багачууд зориулалтын байранд сурч хөгжих боломжоор хангагдах нөхцөл бүрдэх юм.

      Номгон сургуулийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн чанартай гүйцэтгэгч эх бүрдэн ХХК барьж гүйцэтгэх ба зураг төсвийн дагуу 2021 оны 08-р сард ашиглалтад оруулах юм байна. Тус ХХК нь өмнө нь Жинст сумын 240 хүүхдийн сургуулийн барилга, Хүмүүнлэгийн ордон, Ахуй үйлчилгээний төв зэрэг орон нутагт өнгө үзэмж нэмсэн, ард иргэдийг тав тухтай амьдруулахад чиглэсэн 18 барилга орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэсэн туршлага бүхий хамт олон ажээ.

Номгон сургуулийн өргөтгөлийн барилгын ажил энэ 6 дугаар сарын 10-аас эхлэн явагдана.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0